МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

О.Шинэбаяр, Э.Пүрэвжав: Өнөөгийн сонины хэл найруулгын алдаа, оноо

Доктор, дэд профессор О.Шинэбаяр

Доктор, дэд профессор Э.Пүрэвжав

Өнөөгийн сонины хэл найруулгын алдаа, оноо

     Утга зохиолын хэлний хөгжлийн нэгэн гол шалгуур үзүүлэлт болсон сонин хэвлэлийн хэл найруулга нь цаг үеийнхээ хэрэгцээ шаардлага, хэм хэмжээнд нийцсэн, тухайн хэлний хамгийн идэвхтэй үг хэллэгийн хэрэглээний өнгө аяс, шинж төрхийг бүрэн илэрхийлж байдаг.

     Бидний өдөр тутмын хүлээн авч буй мэдээлэл нь өнөөгийн нийгмийн амьдралын толь учраас бүх нийтийн хэл яриа, хүний соёлын төвшин, хэлний боловсролыг төгөлдөржүүлэхэд ихээхэн тустай юм. Тиймээс орчин цагийн утга зохиолын хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх үйл хэрэгт, бүх шатны сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачдаас гадна хэвлэл мэдээллийн ажилтан, сурвалжлагч, сэтгүүлчид ихээхэн хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг байх ёстой. Хэл яриа соёлтой, эмх цэгцтэй, зөв чиг хандлагатай хэвшин тогтоход нийгмийн амьдралын орчин, гэр бүл, хамт олны хүрээн дэх харилцаа тун чухал бөгөөд үүнд нөлөө үзүүлж буй урлаг, уран зохиол, хэвлэл мэдээллийн хэл нь хэлний хэм хэмжээнд таарч нийцсэн байх учиртай юм.

     Өсвөр үеийнхэн уран зохиол төдийлөн уншихаа больж, үлгэр уншиж ярилцахын оронд харийн хүүхэлдэйн кино үзэж, танин мэдэхүйн үзэл ойлголтоо номоос биш телевизийн нэвтрүүлэг кино суваг, тэрчлэн компьютер тоглоомоос байж болох хэвийн хэмжээнээс илүүтэй хүртэн байгаа энэ цаг үед сонин хэвлэл л нийтийн мэдээлэл авах гол зүйл болж байна. Тиймээс сонин хэвлэлд гарсан янз бүрийн өнгө аяс бүхий үг хэллэг бүр нь хүмүүст шууд хүрч байдаг болохоор үг хэллэг бүрээ тунгаан бодож зөв сонгон бичих нь сурвалжлагч, сэтгүүлч, редакторуудын гол үүрэг болж байна. 

     Хүмүүсийн өдөр тутмын хэлний боловсролд байнга хүчтэй нөлөө үзүүлж, хэлний хэрэглээнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгаа сонин хэвлэлийн хэл найруулгыг сайжруулан боловсронгуй болгоход нэн түрүүнд юу хийх ёстой вэ. Үүнийг ул суурьтай сайтар бодолцох цаг хэдийнээ иржээ.

     2003 онд баталсан “Төрийн албан ёсны хэлний тухай “Монгол улсын хуулийн 5-ын 16-д “Төрийн албан ёсны хэлээр гарч байгаа олон нийтэд зориулсан хэвлэл мэдээлэл нь орчин цагийн Монгол утга зохиолын хэлний хэм хэмжээ нэр томъёог баримтална” (23.5.16) хэмээн тов тодорхой заасан байтал амьдралд хэрэгжиж байгаа нь юу билээ.

     Сонин хэвлэлийн хэл найруулгыг сайжруулъя гэвэл нэн түрүүнд Эх хэлээ үнэлэх үнэлэмжийг харийн аль нэг хэлнээс илүүтэйгээр дээдлэх нь юу юунаас эрхэм зүйл мөн бөгөөд төрийн албан ёсны хэлнийхээ хуулийг чандлан биелүүлэх шаардлагатай юм. Түүнчлэн сэтгүүлчдийн бичсэн нийтлэлийн үг үсэг, хэл найруулгын алдааг засаж залруулах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарах ёстойн дээр сонин хэвлэлийг эрхлэн гаргагч эрх мэдэлтнүүд, бодлогыг тодорхойлогчид эх хэлээ зөв зүйтэй хэрэглэх үзэл бодолтой, үнэлэх үзэлтэй, түүнийгээ амьдралд хэрэгжүүлдэг байх ёстой. Тэгж л чадвал сонин хэвлэлд мэдээг “шарлуулах” гэсэн ойлголт, ухагдахуун “гажиг” үг хэллэг, шинэ нэр томъёо цөөрөх болно. Энэ “гажиг” гээд буй этгээд хэлцийг хэн гаргаад байгааг та бид сонин хэвлэлд ярилцлага өгч буй албаны хүмүүсийн яриаг ажиглахад л төвөггүйхэн мэдэх болно.

     Профессор Б.Пүрэв-Очир “… Этгээд хэлц нэлээд түрж орж ирж байгаа нь нийгэм улс төрийн хөдөлгөөн, өөрчлөлт, гадаад харилцаа, зах зээл мөнгө санхүүгийн давалгаа, хүмүүсийн үзэл бодлын хувьсал, сэтгэлгээний болон ёс суртахууны хямрал, нийгмийн хэсэг бүлгийн хэл ярианы соёлын гажуудал, хүн ардын боловсролын доройтол, гадаад орчин хэлний нөлөөлөл, орон зайн хамаарал зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байна” [ Б.Пүрэв-Очир. Монгол хэлний бүтэц, утга, үүрэг, хэрэглээ. 2007.314] хэмээн тодорхойлжээ. Тэрбээр 50 гаруй этгээд хэлцийг утга зүйн хүрээнд ажиглан “Эдгээр нь ихэнхдээ өрнөөс гаралтай орчуулгаар дамжиж орж ирсэн хуулбар зээлбэр гэмээр хагас дутуу орчуулгын үг болох” тухай бичсэн байна.

     Нийтийн эрх ашгаас өмнө хэн нэг хувь хүн, улс төрийн “жижиг бүлэглэл” өөрийн эрх ашгийг илүүд үзэн, түүнийгээ эерэг сөрөг аль ч замаар ашигладгийн гэрэл сүүдэр манай зарим сонин хэвлэлд түрэн орж ирснийг үг хэллэгийн бодит жишээн дээрээс ажиглаж болно. Тиймээс бид “хонгилын үзүүрт гэрэл харагдах”, “амь тариа”,” ногоон гэрлээр гарах”, “цагаан захтан”, “хэрүүлийн алим”, “матрын нулимс”, “загалмайлсан эцэг”, “лааз өшиглөх”, “хор найруулах”, “луу унжих”, “цус сэлбэх”, “хуулийн цоорхой”, “ходоодоороо сонгуульд оролцох” гэх мэт ийм олон үгийг төвөггүйхэн ойлгож таньдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Багагүй цаг хугацаа өнгөрсний зэрэгцээгээр бас хэвших янзтай. Хэвшиж эхэлж буй эл аюул нь яваа яваандаа зүй тогтол болчих вий дээ гэхээс эмээж байна. Ингэх л юм бол “толгодын цаана ингэ буйлна” гэдэг энгийн хэллэгийг “жижиг уулын цаана эм тэмээ бархирна” хэмээн монгол хэл сайн мэддэггүй гаднынхан шууд тусгаж авдагтай агаар нэгэн болохыг үгүйсгэх аргагүй.

     Сонин хэвлэлд: ”Энэ төрлийн үг хэллэгийн жагсаалт их урт үргэлжилж байна. Үүний нэг нь: “Инфляцийг нэг оронтой тоонд барих”, “хоёр оронтой тоонд багтаах”… гэхчлэн. Тухайлбал: Зууны мэдээ сонинд “Миний сэтгэл дундуур нэг зүйл бол сүүлийн жил инфляц нэг оронтой тоонд багтаж, төгрөгийн ханш маш тогтвортой байхад банкны зээлийн хүүг нэг оронтой болгож чадаагүй нь холбогдох хүмүүсийн ажил үүрэгтэй холбоотой гэж боддог. [“Зууны мэдээ” сонин. 2009. 01.22.¹16. /3088/] гэжээ.

     Ингэж л үг хэллэг цааш давтагдаад байвал тоон утгатай мэдээллүүдийг бүгдийг нь нэг оронтой тоонд багтах, тэрчлэн хоёр оронтой, гурван оронтой, дөрвөн оронтой гээд тэмдэглээд байх нь дээ.

     Гоо зүйн зарим ялгаатай хэмжигдэхүүнүүд цаг хугацааны явцад хувьсаж байдаг ч /Style. 2007.3/  хэлний нэгжийн хувьд хамгийн үнэ цэнэтэй нь уугуул монгол үг билээ. Тиймээс тухайн үндэстэн оршиж л байвал эх хэлээр зөв илэрхийлэгдэхгүй үг гэж бараг байхгүй юм. Энэ талаар профессор Ц.Шагдарсүрэн “Хэл шинжлэлийн үүднээс хэл бүр харилцахын хэрэглүүр болж чаддагийн хувьд орчуулж болдоггүй үг гэж байдаггүй. Харин тухайн орчуулагчийн мэдлэг боловсролын хэр хэмжээнээс шалтгаалан чадах чадахгүй байх явдал буй. Энэ бол үгийн тухай л холбогдох хэл шинжлэлийн асуудал буюу хэлний боломжийн тал. Өдгөөгийн монгол хэлний байдлыг авч үзвэл монгол хэлнийхээ тэрхүү боломжийг бид сайн ашиглаж чадсангүй”-тэй шууд холбоотой гэснийг хэлэхэд илүүдэх юун. [25.82]

     Хүмүүнлэг энэрэнгүй ёс суртахуун, мэдээлэх нөлөөлөхийн үнэ цэнийг зөв голдирлоор нь авч явах үүрэг хариуцлага сэтгүүлчдэд бий. Сонин хэвлэлийн хэл нь эмх цэгцтэй байж гэмээнэ соёлт хүн бүрийн эзэмшвэл зохих мэдлэг, мэдээллийг систем дэс дараатай авах нэг хөшүүрэг болно.Тиймдээ ч зарим талаараа чанар муутай сургалтаас илүүтэй ач холбогдолтой юм.  Мэдээллийн үнэ цэнэ гэж юу болох, цаг үетэйгээ хэрхэн холбогдож уншигчдын мэдлэг оюуны хэрэгцээг хангаж байдгийг өнөө бид Баабарын /Б.Батбаяр/ нийтлэлээс, нийгмийн амьдралын шүүмжлэлт талыг Б.Цэнддоогийн “фельетон”-оос олж харж үр өгөөжийг мэдэрч байгаа билээ.   Сайхан найруулгатай нийтлэлийн зэрэгцээ саар зүйл сониноо бишгүй бий. Бэлэгдэлтэй, сонсууштай мэдээ мэдээллээс илүү элдэв хэрэг явдал, улс төрийн хар бараан амьдралын талаар хэр хэмжээнээс хэтрүүлэн нийтэлж байгаа нь уншигчдаа хүний ёсоор хүндэтгэн үзэх талыг огоорон орхигдуулж байгаагийн илрэл болж байна. Сайхан зүйлийг сонсох хэрэгцээ уншигчдад их бий. Хүний хэлж ярьсан товч яриаг “сонины хэлээр” буулгачихаж чадахгүй сэтгүүлч хянаж чаддаггүй редактор сонин хэвлэлийн газруудад их байгаа нь хийсэн бүтээснийх нь үр дүн болсон сонины нийтлэлээс харагдаж байна. Тухайлбал: Манай өдөр тутмын сонин хэвлэлд УИХ-ын чуулганы “бичлэгийг” тэр чигээр нь бичсэн байх нь олонтаа харагдах боллоо. Ярианы хэл бичгийн хэлний ялгаа заагийг сайн мэддэггүй ганц нэг сэтгүүлч байдаг юм аа гэж бодоход өдөр тутмын олон сонинд иймэрхүү алдаа мадаг мэр сэр гараад  байхыг юу гэх вэ? Үндэстний бичгийн хэлний боломж дутсаных уу, аль эсвэл сэтгүүлчийн ур чадварын муугийнх уу. 

     “Үндэстэн бүр хэлтэй боловч зарим үндэстний хэл нь өдөр тутмын наад захын зүйлд хэрэглэгдэх боловч нарийн судалгааны юм бичнэ гэхэд нэр томьёо нь дутагдах зэргээр уг шаардлагыг төгс хангаж чадахгүйд хүрдэг байна. Жишээлбэл: Африкийн олон жижиг үндэстэн угаасаа бичиггүй байсан, хожим латин зэрэг бичиг авсан боловч бичгийн хэл нь боловсорч амжаагүй тул тэр хэлээр шинжлэх ухааны нарийн ширийн ном зохиол гардаггүй байна” [26.100] Тэгвэл манай бичгийн хэл нь өнө эртний баялаг уламжлал гайхамшигтай өв сантай билээ. Тиймээс бидэнд эх түүх, үндэсний утга, соёлын үнэт дурсгалууд өвлөгдөн ирсэн юм. Тэр ч байтугай “Монгол бичгийн хэлийг XIX зууны дунд үеэс XX зууны дунд болтол зах нийлж нутаг савладаг, түрэг хэлтэн Тува нар хэрэглэж, тувагаараа уншдаг байсан тухай академич Б.Я.Владимирцов, элчин сайд Жаргалсайхан нар тэмдэглэсэн байна” [Ц.Ш.2007.103] Дэлхийн улс үндэстний нэгэн томоохон хэл болсон Монгол хэлээ бид өөр ямарч үндэстний хэл соёлоос доорд үзэж хэрхэвч болохгүй бөгөөд гагцхүү эх хэлнийхээ агуу тансаг баялаг нөөцийг хэр ашиглаж чадаж байгаагаас тухайн сэтгүүлчийн мэргэжлийн ур ухаан, авьяас билгийг тодорхойлж болох юм. Харин 1990-ээд оноос өмнө бол өөр хэрэг.

     Учир нь 1990 оноос өмнө нэг намын үзэл суртлын нөлөөн дор сонин хэвлэл загварчлагдаж, түүнд нийцсэн агуулга, үг хэллэгтэй хүний эрх чөлөөгөөс илүүтэй анги нийгмийн хэв шинж голлосон, нийтийн үйл хэргийг тунхаглан зарласан лозунг уриа, дуудлагын өнгө аяс бүхий нийтлэлүүдийг шаардаж байсан юм.

     Хэдийгээр Монголын сэтгүүлзүйн түүхэн замнал нь нэг намын үзэл суртлын номлол нөлөөнд автаж байсан ч үндэсний уламжлал,  авьяас төгөлдөр сэтгүүлчдийн бичлэгийн ураар баяжсаар ирснийг Б.Ринчен (1905-1977)-ий “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Их говийн зоригтон хүмүүс”, Ц.Дамдинсүрэн (1908-1986) - гийн “Хоцрогдсон эмгэнийг сурвалжилсан тэмдэглэл”, Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцанд”… гэх зэрэг олон шилдэг нийтлэлээс харж болно. Энэ үеийн сонин хэвлэлийг эргэн харахад мэдээ, тэргүүн өгүүлэл, тэмдэглэл, найруулал, сурвалжлага, сурвалжилсан тэмдэглэл гэхчлэн сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрөл зүйлээр бичигдэж байсан нь харагддаг. Гэтэл өнөө үед сонин сэтгүүлд ярилцлага, мэдээ зонхилж бусад төрөл зүйл нь нүдний гэм болжээ. Ялангуяа “шар сонин” гэж нэрлэгдэх арилжааны сонин хэвлэлд ярилцлага л голлох шинжтэй болсон байна.

     2007 онд Төрийн хэлний зөвлөл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч “Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгийн сангийн өнөөгийн байдал” нэртэй судалгаа хамтарч хийсэн бөгөөд үүнд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь”, “Хүмүүс”, “Сэрүүлэг” гэсэн 6 сонин хамрагдсан юм. Энэ судалгаанд сонины нийтлэлийн бодит байдлыг төрөл зүйл бүрээр авч үзэхэд:

 

Сонин

Мэдээ

өгүүлэл

ярилцлага

Нийтлэл

“Өнөөдөр”

129

48

50

50

“Өдрийн сонин”

78

28

28

31

“Нийгмийн толь”

78

28

23

24

“Зууны мэдээ”

58

23

20

19

“Сэрүүлэг”

20

1

8

8

“Хүмүүс”

19

12

9

0

төрөл зүйлийн тоо цөөрсөн нь сэтгүүлчийн бичлэгийн ур чадвар, туршлага, урьд өмнөх шилдэг сэтгүүлчдийн бичсэн нийтлэлүүдээс уламжлан суралцахгүй байгаа явдал юм. Хэдийгээр сонин хэвлэлд мэдээ, ярилцлага дийлэнх хувийг эзэлдэг болсон хэдий ч тэдгээр нь алдаа мадаг ихтэй харагдах боллоо. Тухайлбал: Наад зах нь төр үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөө ам.доллараас хамгаалж интервенц хийж чадахгүй үнэгүйдүүлсээр “ногоонд” дээрэлхүүлж сууна. [“Зууны мэдээ” сонин. 2009.2.12. ¹ 34]

Монгол улсад суугаа Бразилын өргөмжлөлт консул М.Мөнхбаатар согтуугаар дипломат албаны машин жолоодож яваад замын цагдаа нартай “муур хулгана” болж тогложээ. [ Зууны мэдээ” сонин. 2009.2.12¹ 34]

     Дээр нь дампуурсан жижиг худалдаачид малгүй болсон малчид нэмэгдээд ажилгүйчүүдийн арми өдөрт хэдэн мянгаараа үржиж байна. [”Өдрийн сонин”. 2009.02.12. ¹ 039]

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамныхан цагаан сараас өмнө эхний ээлжинд 20 ахмад дайчинд байр өгөх тухай таатай мэдээ дуулгаж байсан нь саяхан. [Өдрийн сонин” 2009.02.13. ¹ 040]

Бид түр үнэмлэхээ авсан дөрвөн хүнээс гурвыг нь УИХ-д суулгачихсан, үлдэж буй нэг хүний асуудлыг шүүхээр шийдсэний дараа хэлэлцэнэ хэмээн бухын доодохыг харж сууна. [“Зууны мэдээ” сонин. 2009.2.12. ¹ 34]

Өөрөөр хэлбэл, өргөмжит консул бараг “тасарчихсан” байж. [“Зууны мэдээ” 2009.2.12. ¹”34]

Иргэний нисэхийн ерөнхий газарт дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх болсон С.Батмөнх даргын хууль бус үйлдлийн тухай “Зууны мэдээ” сонин анх мэдээлж байсан. [“Зууны мэдээ”сонин” 2009.2.12.¹ 34]

Монголчууд бид “Төрийн сүлд минь өршөө! хэмээн төр засагтаа сүсэглэдэг нь нэгд төр минь төвшин амгалан байгаасай, дараа нь манийгаа өршөөж яваарай, иргэн би итгэлийг тань алдахгүй явна гэсэн нүүдэлчин ардаас суусан менталитет зан чанар юм. [“Зууны мэдээ” 2009.2.12.¹ 34]

     Дээрх мэдээнүүдээс харахад “муур хулгана болох”, “ногоонд дээрэлхүүлэх”, “ажилгүйчүүдийн арми”, “хэдэн мянгаараа үржих”, “таатай мэдээ”, “бухын доодохыг харах”, “тасарчихсан байж”, “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх гэх зэрэг үгс хэн бүхний нүдэнд содон тусч байна.

     Амьдралд болж буй шинэ сэргэг үйл явдлыг үнэн бодитой бөгөөд түргэн шуурхай хүргэж байдаг сонин сэтгүүлийн голлох төрөл зүйл болсон мэдээ ер нь ямар байх ёстой вэ?

     Эртний Ромын зохиолч Марк Фабий Квинталиан “Аливаа үйл явдал, үйлдлийн тухай зургаан асуултад хариулт авсан цагт бодит төсөөлөлтэй болно” гэжээ. Энэ нь “What Where, When, Who, Why, How” буюу “Юу, Хаана, хэзээ, Хэн, Яагаад, Яаж /хэрхэн/” зэрэг үгс юм. Мэдээнд байх эдгээр гол шинжүүд нь цаг хугацаа, орон зай, үйлийн эзнийг тодотгон, үйл явдлын өрнөл хөдөлгөөнийг илэрхийлснээрээ уншигч олонд бүрэн гүйцэд мэдээ, мэдээллийг өгч чадаж байгаа юм. 

     Өрнөдийн сэтгүүл зүйд “Мэдээ гэж хэн нэгэн хүний хэзээ нэгэн цагт нуун дарагдуулах хүсдэг зүйл”, “нохой хүн хазсан бол мэдээ биш, харин хүн нохой хазсан бол “жинхэнэ мэдээ” гэж үзсэн нь бий” [Х.Наранжаргал. Телевизийн сэтгүүлзүй, үндсэн ойлголт зөвлөмж. 2006.107]  Сайхан мэдээ бол мэдээ биш гэдэг өрнөдийнхний иймэрхүү буруу арга барил зарчмыг хий хоосноор аялдан дагалдан сонин хэвлэлийн хуудаснаа “хар бараан” мэдээ голлон бичигдэх болсон нь уншигчдын сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний гол шалтгаан нь “Өнөөдөр манайд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр лагерьт хуваагдан талцаж улс төржин, үзэл суртал хийж, бохир мэдээллээр дүүрч, чөлөөт хэвлэлийн зорилгоос ухарч байгаа, бас нэг том шалтгаан нь тэдний эдийн засгийн хараат байдалтай холбоотой”[14.14]

     Бичлэгийн хувьд утга санааг цөөн үгэнд багтаах, баримтын дотроос чухлыг нь сонгох, үйл явдал, тоон баримт үнэн зөв байх, утга шилжсэн үг, хар ярианы үг, уран яруу үг хэллэг хэрэглэхгүй бичдэг байх зэрэг нь энэ төрөл зүйлийн онцлог болдог. Өөр нэг гол зарчим бол тодорхой үйл явдлын талаар хувийн гэмээр үнэлэлт дүгнэлт өгдөггүй нь мэдээний үндсэн шинж юм.

     Зарим мэдээнд хар ярианы үг хэллэг, хэлц, этгээд үгээс гадна тэмдэг нэрээр байж болох хэмжээ дамжаанаас хэтрүүлэн тодотгон, үнэлж дүгнэсэн өнгө аястай мэдээ гэхээсээ хар яриа, эсвэл хувь хүний гэнэн сэтгэгдэл гэхээр болсон байгаа нь ажиглагдаж байна. Мөн онцын хэрэгцээ шаардлагагүй харь үг оролцуулан чамирхан бичих нь тохиолддог. Үнэхээр тухайн ухагдахууныг илэрхийлж болохгүй бол харь үгийг хэрэглэхээс аргагүй. Тухайлбал:

     Монголчууд бид “Төрийн сүлд минь өршөө! хэмээн төр засагтаа сүсэглэдэг нь нэгд төр минь төвшин амгалан байгаасай, дараа нь манийгаа өршөөж яваарай, иргэн би итгэлийг тань алдахгүй ювна гэсэн нүүдэлчин ардаас суусан менталитет зан чанар юм.[“Зууны мэдээ”сонин. 2009.2.12.¹ 34] гэж бичсэн байна. Монгол хэлнээ “сэтгэлгээ” хэмээх үг байсаар атал “менталитет”  гэсэн үгийг зориуд бичиж байгааг чамирхал гэж үзэхээс өөр яах вэ?

     Зулай дээрээс нар төөнөсөн ч зүрх сэтгэлд жавар хургасан нисдэг тэрэгний ослын нулимст өдрүүд ард хоцорлоо.[Зууны мэдээ” сонин. 2007.06.27] Иймэрхүү сонины гэхээсээ уран зохиолын найруулгын өнгө аястай бичлэг нийтлэлийн найруулгад байгаа нь төрөл зүйлийн бичлэг, найруулгыг ялган салгаж ойлгодоггүйтэй холбоотой. Сонин сэтгүүл, төрөл зүйл хэмээх олон янзын бичлэгтэй байдаг нь түүний тусган үзүүлдэг нийгмийн амьдрал олон талтай, баялаг агуулгатай байдагтай шууд холбоотой.

     Төрөл зүйл хөгжин боловсрох тусам бие биеэсээ ялгарах шинж нь улам тод болсоор иржээ. Сонины төрөл зүйлийн бичлэгийн онцлогийг харгалзахгүйгээр бичээд байвал мэдээ, ярилцлага, нийтлэлүүд бүгд л нэг загварын үг хэллэг, нэг янзын бичлэгтэй, нэг янзын найруулгатай  болох янзтай. Ийм зүйлийг ямар ч уншигч бүрэн уншихгүй нь лавтай.

     Мөн өнөөгийн сонин хэвлэлд бичгийн хэлээр бус аман ярианы “хэв загвартай” үгээр бичсэн нь олонтаа харагдаж байна. Сэтгүүлчид дур дураараа “хувийн гэмээр үг хэллэг” бүхий хэтэрхий “уянгын халилтай”, эс бөгөөс “монцамэ-гийн модон үг хэллэг”–ийн маягтай албархаг нэр томьёо ихтэй үгээр найруулах нь нэн элбэг болжээ. Үүний цаад шалтгаан нь сэтгүүл зүй үзээгүй яруу найрагч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн бичиж үзээгүй сэтгүүлч мэргэжлийг эзэмших гэж шууд оюутны ширээнээс боссон, онолыг уншсанаас бичихүйд сураагүй “онолч” сэтгүүлчидтэй холбоотой. Өөрөөр хэлбэл үүнийг онол хэрэглээний зөрүү, ам ажлын зөрүү ч гэдэг. Тиймээс хэвлэл мэдээллийн хэлний найруулга муу байгаа нь манай сэтгүүлч мэргэжил эзэмшүүлж буй их дээд сургуулийн амиа аргацаасан арчаагүй сургалт, ажилд авч байгаа удирдах албан тушаалтны ажлын хариуцлагатай шууд холбоотой юм. Тэгэхээр “Өглөө” кинонд “хүний захиалгаар” муу үйл хийсэн хүн бус “цаад эздийг нь…./олсон уу/” гэж жанжны хэлдэг шиг хэлийг гажуудуулах болсон цаад учир шалтгаан, ул үндсийг нь даруйхан олж харж, засч залруулах нь хамгаас чухал юм. 

     Нөгөө талаас сэтгүүлч сурвалжлагчид бүхий л төрөл зүйлээр бичиж, тэр бүрт нь найруулгын ур чадвар харагдах ёстой байтал дан ганц “мэдээжийн” мэдээ, эсвэл “ядруухан” ярилцлага сонингоор дүүрчээ.

     Сонин хэвлэлийн төрөл зүйлд ярианы хэлний бүхий л онцлог илүүтэй тусдаг ганц төрөл нь ярилцлага. Сэтгүүлч эрдэмтэн Ч.Чойсамба “Ярилцлага гэдэг нь ямар нэгэн тодорхой асуудлаар /бүлэг асуудлаар/ сэтгүүлч, ярилцагч хоёрын хооронд өрнүүлсэн яриа юм” [Ч.Чойсамба.2001] гэж тодорхойлжээ. Иймэрхүү агуулгатай тодорхойлолтыг сэтгүүлзүйн судлаачид олонтаа өгсөн байдаг ч амьдрал дээр ярилцлагын наад захын шаардлага хангахгүй нь илт байгаа билээ.

     Ярилцлага бол харилцан яриа ч үүнд: энгийн хүүрнэсэн утгатай  танин мэдүүлэх мэдээлэл байхаас гадна асуудал дэвшүүлсэн өнгө аястай байж болдог. Энэ нь тодорхой зорилготой, бодит үр дүнтэй байснаар нийт уншигчдад мэдээлэх, сурталчлах, таниулах үүрэг нөлөөтэй юм. Манай зарим сонин хэвлэлд гарсан ярилцлагыг харж байхад юуны тул ярилцлага хийсэн нь тодорхой биш байдаг. Өөрөөр хэлбэл бодит үр дүнгүй гэсэн үг. Асуусан асуултын логик алдагдсан, хүнийг сонжсон сорьсон асуулт тавих нь илүүтэй харагддаг. Тухайлбал: “Уурлахаараа яадаг вэ” [“Өөр мэдээ”сонин.2009 ¹ 16]

Их л бухимдаад байна даа?” [“Өнөөдөр”сонин. 2009.02.13] Цагаан сар хийдэг үү?

Монгол хүн байна даа, золголт хийх үү, [”Өнөөдөр”сонин. 2009. 02.13] гэх мэт.

     Ийм чанар муутай ярилцлага тухайн цагтаа төдийгүй дараа дараагийн эхлэн бичигч нарт муу үр нөлөөтэй болох нь сонин хэвлэлд гарч байгаа “зохиомол ярилцлага”–уудаас харагдаж байна. “Зохиомол” гэж хэлэхийн гол учир бол ярилцлага авсан нь бичиж чадаагүйтэй, ярилцаж сурвалжлаагүй мөртлөө ярилцсан мэтээр муу ярилцлагын загварын хүрээнд бичиж байгаатай холбоотой.  

     Тиймээс л хүний эрхийг зөрчсөн хувь хүний амьдрал руу эрээ цээргүй дэндүү нэвтэрсэн, байцаалтын шинжтэй, логик холбоо авцалдаа муутай, тодорхой зорилгогүй, үр дүн муутай, албаны эсвэл хувь хүний анкет бөглөх маягтай ярилцлага нэлээд гарах болсон нь илэрхий үзэгдэл. Үүнээс гадна асуулт, хариултын тэнцүү чанар алдагдсан. Хариулт нь хэтэрхий бүдүүлэг гэмээр үгтэй байгаа нь зарим ярилцлагын хариултаас харагддаг.Тухайлбал:

2000 онд АН гудманд гарчихаад хэн ч тоохгүй байхад би “амь тариа” нь болж амьсгалуулж явсан. [Зууны мэдээ. 2009.02. 03¹260/3098

     Ярилцлага товч байх нь үр дүн багатай болдог. Асуултдаа хариулт аваагүй зүйл ч тохиолдох нь бас нэг сөрөг тал.

     Ярилцлага бол монголын тогтмол хэвлэлд харьцангуй хожуу үүссэн бичлэгийн төрөл боловч өнөөдөр ярилцлага өгдөггүй хүн, ярилцлага авдаггүй сэдэв, ярилцлага нийтэлдэггүй хэвлэл байхгүй болсон нь цар хүрээний хувьд сайн талтай ч сөрөг зүйл ч багагүй байна.

     Ярилцлагын гол үндэс бол зочноо хүндэтгэн харьцсан, агуулгын логик сайтай, харилцах явцад ярианаас асуулт урган гарч халуун дотно үг яриа өрнөсөн өөрөөр хэлбэл чин сэтгэлээс ярилцаж эцэст нь уншигчдын сэтгэлзүйд хүрсэн байх нь чухал юм. Тийм үлгэр жишээ ярилцлага өнөө ховор болжээ. Гагцхүү “Өдрийн сонин”-ы 2008 оны 10-р сарын 09-ний ¹ 243 (3008)-т  гарсан “Өнөөгийн ардчиллын үед өөрчлөгдөх шаардлагагүй ганц хүн бол Дамдинсүрэн гуай байх байсан” хэмээх уншсан хүнд үнэхээр нэгийг бодуулж нөгөөг санагдуулмаар жинхэнэ уг төрөл зүйлийнхээ мөн чанарыг агуулсан ярилцлага л үлгэр жишээ нь гэж болно.

     Профессор Л.Хүрэлбаатар, академич Ш.Бира гуайтай  Монголын утга соёл, түүхийн талаар төдийгүй нэрт эрдэмтний туулж өнгөрүүлсэн эрдмийн зам мөр хувь хүний амьдралын түүхийг сурвалжилсан эл ярилцлага нь уншигчдыг гэгээрүүлж монгол хүн бүхний санаж сэдэж явах ёстой зүйлийн тухайд өгүүлснээрээ жинхэнэ амьд ярилцлага болсон билээ.

     Сурвалжлагч нь ярилцаж буй зочинтойгоо эн тэнцэхүйц ойлголттой байхын чухлыг мөн сурвалжлагаас харж болохын дээр шинжлэх ухааны танин мэдэхүйн үзэл ойлголт, их эрдэмтний туулсан зам мөр, цаг үеийн сонирхолтой түүхийг хэрхэн бичсэнийг ажиглаж болно. Нэг талаар асуулт хариулт тэнцүү чанар буюу нөгөө талаар найруулгын хэм тэгшийн шинж чанар ч үүнд давхар харагдаж байна. Чухам ийм билэг авъяас нь ундарсан энэ их хүмүүсээс манай сэтгүүлч сурвалжлагч нар суралцах юм их бий.

     Сэтгүүлчдийн бичлэгийн ур чадварын нэг илэрхийлэл нь тэдний үгийн сан, үг сонгох чадвартай холбоотой юм. Энэ талаар Ц.Дамдинсүрэн 1934 онд “Олон түмний мэддэг үгс далай мэт өргөн байтал нэгэнт бичиж дадсан хэмээх улигт үгээр хамаг утга бүхнийг багтаан бичихийг оролдох  муу заншлын үлгэр нь зуун адуутай хүн нэг хоёр номхон морио үргэлж унаж, бусдыг ямагт салхи эдлүүлэн зэрлэг танхай явуулах мэт буй. Иймийн тул бичиг зохиолд аль болохоор элбэг баян үгийг хэрэглэж, оновчтой мэргэнээр найруулж уншихад урамтай, ухахад мэдрэмжтэй болгохыг хичээвэл зохино” [Монгол хэл бичиг сайжруулах бодлогын өгүүлэл. Улаанбаатар.1934] гэж тэртээ дал гаруй жилийн өмнө бичиж байсан юм.

     Сонины л гэмээр гаж үг хэллэгүүд туршлагатай гэгддэг сэтгүүлчээс эхлэн бичигчид рүү, тэр нь уншигчид руу хогийн ургамал адил түргэн тархаж газар авч тэлсээр нийтийн сэтгэл оюуныг хордуулж байна.  Сонин хэвлэлийн сэтгүүлч сурвалжлагчийн телевизийн сэтгүүлчээс ялгарах нэгэн онцлог нь тэд телевизийн эфирт бус бичсэн зүйлийнхээ чанар чансаагаар үнэлэгддэг онцлогтой. Ийм хүрээнээс харах юм бол юуг сурвалжлахыг гол болгохтойгоо зэрэгцэн яаж бичдэгээ давхар бодолцох хэрэгтэй ч “Нэг хэсэг хүчээ авч хөрөнгөтэй мөнгөтэй болгоны шүлсийг гоожуулж, олсноо өсгөх ашигтай бизнес байсан, барилгын салбар банкууд зээлээ зогсоосон тэр өдрөөс ганхаж эхэлсэн .[“Өнөөдөр”сонин. 2009.02.12.¹034]

Манай улсын жимс хүнсний ногооны зах зээлийг урд хөршийн наймаачид атгачихсан.[“Өнөөдөр”сонин. 2009.02.12.¹034]

Ерөнхий сайдыг уяагаар зочлоход чин сэтгэлээсээ бэлгэшээсэн.  [“Өнөөдөр” сонин. 2009.02.12.¹034]

Толгойтой бүхнийг халамжилсан тоогүй бодлогыг эдийн засгийн хямралын үед цэгцлэх шаардлага тулгарав. [”Зууны мэдээ”сонин. 2009.2.13.¹35]

Тухайн өдөр морь нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв зүйлд хянамгай хандаж  биеэ энхрийлүүштэй.

Үндэсний зөвлөлд хууль бусаар шургалсан зарим хүнийг албан тушаалаасаа татгалз зэрэг үндэслэлээр тэд албан байгууллага дээрээ суулт зарлах болсон юм. [“Ардын эрх” сонин.2007. 06.18. ¹ 119] хэмээн зөрчиж байна.

     Гаж зүйл нь хачин санагдаж байдаг ч нөгөө талаар хэл сурч буй өсвөр үеийнхэн, эхлэн бичигч залууст сөргөөр нөлөөлж байгаа юм. Худал үгийг мянга хэлбэл үнэн болдог гэсэн үг ч бий. “Адаптаци” /adaptation/ хэмээх үзэгдэл ч хэлнээс ангид зүйл биш тиймийн тул муу найруулга, этгээд, бүдүүлэг хачин жигтэй хэллэгээр уншигчдаа дасгах хэрэггүй юм.

     Уран зохиол уншихаасаа илүүтэй нийгмийн хямралыг зурагт, радиогоор сонсоод эмзэглэсэн хүмүүст хамгийн их ойр байх гэгээрүүлэх, эс гэгээрүүлэх хэрэгсэл, хөтлөх зам нь сонин хэвлэл болж байгаа энэ үед түүгээр дамжуулсан хэлний янз бүрийн хэллэгүүд нь нэг ёсны зөв, буруу хосолсон сургалт, лавлах болж байна.

     Тухайлбал: “Албадан дуудлага худалдаа”, “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дараах үл хөдлөх, эд хөрөнгө, орон сууц, барилга байгууламжийн хоёрдахь албадан дуудлага худалдааг 2009 оны 2-р сарын  18-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны байранд зохион явуулна” [“Зууны мэдээ”сонин. 2009. 2.3.¹ 26]

     Албадан гэсэн үгийн бүтцээр задлан үзвэл /алба+д+н/ энэ үг үйл үгтэй холбогдож албадан ажил хийлгэх, албадан явуулах, албадан сургах гэх мэтээр холбогдоонд орж болох боловч албадан эмчилгээ, албадан худалдаа гэж  холбогдохгүй. Олонтаа бичигдсэн ийм хэллэгийг сонины редактор нь засаж байвал зохилтой. Товч тодорхой үг, нэр томъёо хэрэв оноож чадахааргүй бол /Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас дуудлага худалдаа зарлаж байна ч гэдэг юм уу/ зөвөөр нь бүтэн өгүүлбэрээр бичсэн ч арай дээр болно. Мөн иймэрхүү хэл зүйн бүтцийн алдаатай  “согтууруулах ундаа” гэдэг буруу хэвшиж буй  үгийг нэрлэж болно. Тухайлбал: “дэлхийн улс орнуудын туршлагаас харахад зарим оронд согтууруулах ундааг сурталчлахыг бүрмөсөн хориглодог бол зарим нь ямар нэгэн хязгаар тавьдаггүй, нэлээд улс пиво зэрэг зарим төрлийн ундааг хязгаарлалтайгаар сурталчлахыг зөвшөөрдөг байна” [“Өдрийн сонин” 2009.03.04.¹ 053]

    Монгол хэлний бүтцээр нь задалбал: согт+уу+р+уул+х. Зүй нь “согтоох ундаа” гэвэл зохимжтой.

    Нийгэм дэх содон сонин үйл явдал, шинэ соньхон мэдээллээр нийт олныг гэгээрүүлэн сэнхрүүлж сэтгэл зүрхнээ хүрэх мэргэжлийн чадвар бол гагцхүү утгын ур, үгийн ончоор илэрдэг билээ. Гэтэл сонин сэтгүүлд сэтгүүлч гэх мэргэжлийг бохиртуулан хиртүүлсэн бичлэг, үг өгүүлбэр толбо адил болжээ. Иймэрхүү жишээг сонин хэвлэлийн нүүр булангийн нэр, гарчгаас харвал: “Өнөөдөр” сонины ”Хөндүүр сэдэв” [“Өнөөдөр”сонин. ¹035.  2009. 02.13,“Өнөөдрийн тойм”],“Хөндөх сэдэв” булан, “Зууны мэдээ” сонины “Тал засаагүй яриа” [“Зууны мэдээ”сонин. 2009.2.3.¹26], “Энэ тухай” [Зууны мэдээ. 2009.2.12.¹34], “Хямралын амьсгаа” [Өнөөдөр 2009.01.30/¹023] гэх зэрэг. Ийм нэртэй нүүр гарчгаас гадна гарчгийн нэр доторх агуулга зохицоогүй зүйл ч тааралдах нь бий.  

     “Өнөөдрийн тойм” сонины “Хөндөх сэдэв” буланд Монголын бэлэвсрэлийн тогтолцоо.[“Өнөөдрийн тойм” сонин. 2008.11.12¹ 223]  гэж бичсэн нь утга авцалдаагүй зүйл болсон байна. Өдрийн сонины нэгэн дугаарын Улс гэсэн нүүрт Монголд үйлдвэрлэв - 2009“ үзэсгэлэн худалдаа нээгдэнэ. [“Өдрийн сонин” 2009.02.13. ¹ 040] гэж улс гэсэн агуулгын хүрээнд бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн талаар бичсэн нь зохицсонгүй.

     Ийм дутагдал мөн сонины ¹ 022 дахь “Энэ өдөр” нүүрэнд “Өчигдрийн үнэт цаасны арилжаа” гэж бичсэн байх жишээтэй. [Өдрийн сонин. 2009.02.13. ¹ 040]

     “Өнөөдөр” сонины ¹ 023-ын “Хөндүүр сэдэв” гэсэн нүүрт БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын “Та бүхэнд Монголын багш нарын 43 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэсэн мэндчилгээ байна. [“Өнөөдөр”сонин. 2009.01.30.¹023. A3 нүүр] Багш нартаа баяр хүргэсэн мэндчилгээ нь “хөндүүр” сэдэв болж таарах уу. Үүнд нүүрийн гарчиг агуулгатайгаа ер нийцсэнгүй.

Энэ мэт нүүрийн нэрээс гадна гарчгийн алдаа их байна. Тухайлбал:

Гарчиг: Нийслэлчүүд шинэ унаатай шинэлэнэ.[”Өнөөдөр”сонин. 2009. 01]

Азийн чоно”-ын хэрэгт холбогдогчдын ялыг хэвээр үлдээв [“Өнөөдөр”сонин.¹035.  2009. 02.13]

Яст мэлхийн замаар орсон шинэ амаржих газрыг барьтал өдий гэж зарим эмч “муу амлаж ” байна. [“Өнөөдөр” сонин.¹035.  2009. 02.13] гэх мэт.

     Аливаа хэлэнд найруулга зүйн хэм хэмжээний ерөнхий зарчим олон үеийн турш боловсрон сайжирсаар ирсэн бөгөөд түүний хэм хэмжээ нийгэм, түүхийн үндэс улам өргөжиж байна. Ер нь утга зохиолын хэлний хэм хэмжээ нь түүхэн үзэгдэл болохоос өөрчлөгдөшгүй хөдөлгөөнгүй царцанги зүйл биш, үүнийг эмх замбараагүй гэж ойлгож болохгүй. Сонин хэвлэлийн үг хэллэгийг ерийн хар ярианы хэлтэй хутгах, хольж гажуудуулах явдал сонин хэвлэлийн хуудаснаа мэр сэр үзэгдсээр байна.

     2007 онд Кекшюүзан Д.Батбаярын зодог тайлах ёслол болж энэ ёслолд манайхаас улс төр, урлаг соёлын олон хүн очсон билээ. Энэ ёслолын тухай “Шуугиан” сонинд “Уг арга хэмжээнд 500 орчим эх орон нэгтэн нь зочилж очсон ба түүний толгойд 230 эрхэм хайчтай гараа хүргэв. …Эцэст нь залуу насаа үдсэн Кекшюүзаны маань үсийг тас хяргахад…” [“Шуугиан”сонин. 2007. ¹ 20,21] гэж бичсэн байна. Үүнийг уншихад зодог тайлах ёслолын арга хэмжээ гэхээсээ огт өөр ойлголтыг уншигчдад төрүүлж мэдэхүйц байгаа юм.  

     Шар сонин арилжааны сонин гэдгээр төдийлөн анхаардаггүй юмаа гэхэд өдөр тутмын сонинд ийм өнгө аястай мэдээ, мэдээллүүд бичигдэх болсон нь туйлын харамсалтай. Тухайлбал: “Өнөөдөр” сонинд Улаанбаатарчуудын хөл дүүжлэх эдгээр унааг аль чиглэлд явуулах нь одоогоор тодорхойгүй байна” [“Өнөөдөр”сонин. ¹ 035.  2009. 02.13]

     “Хэмнэсэн мөнгөөрөө өвчин худалдан авна” [“Өнөөдөр” сонин. 2009. 02.12. ¹ 034] гэх зэргээр бичсэнийг уншихад шилжсэн утгаараа ойлгогдохын зэрэгцээ шууд утга ч тодроод байх шиг. Тиймээс сонины мэдээг бичихдээ болж өгвөл шууд үндсэн утгатай үг хэрэглэж тогтмоор байна. Үүнээс гадна хэлзүйн алдаатай үг хэллэгийг мэрэгжлийн нэр томъёо лугаа адил хэрэглэх боллоо. Жишээ нь: “Хулгайн мод тээвэрлэгчдийн арга улам нарийсчээ”[“Өнөөдөр” сонин. 2009. 02.12] Үүнийг уншихад хулгайн мод гэж тусгай мод байдаг шиг санагдаж байна. Зүй нь “Модыг хулгайгаар тээвэрлэгчдийн арга улам нарийсчээ” гэх юм бол модыг бус тээвэрлэгчдийг тодотгож чадах юм.

     Ялангуяа одоо Ерөнхийлөгчийн сонгууль ойртож хийрхэл солиорол хоолой дээр ирчихээд байгаа цаг. [“Өнөөдөр” сонин. 2009. 02.13.¹ 035] Үүнд ерөнхийлөгч зохион байгуулж буй, ерөнхийлөгчийн харьяа хамаатай, өөрийнх нь сонгууль мэт давхар утга бууж байна. Мөн чанартаа ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль. Монгол хэлний харьяалахын тийн ялгалын “-ын, -ий, -ы, -ий” нөхцөл нь харьяа хамааны утга илтгэдэг. Тэрчлэн манайхан “Зоригийн хэрэг” гэж их ярьж бичиж байгаа. “Баатарын хэрэг” гэвэл Баатар гэдэг хүн хэрэг хийсэн тэрчлэн “Гансүхийн хэрэг”, “Түмэнгэрэлийн хэрэг” гэх мэтээр хүний хийсэн хэргийг ойлгож болдог. Харин үүнээс “Зоригийн хэрэг” гэдэг бол огт өөр ойлголт гэдгийг хэн бүхэн мэднэ. Тиймээс энэ үгийн хувьд утга зүйн алдаатайгаар хэвшчихжээ.

     Энэ мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаатай үг хэвших хандлага байна. Тиймээс уг ухагдахууныг анх илэрхийлэхдээ үгийг зөв бүтцээр нь хэвшүүлэх шаардлагатай юм. Тэгээгүйгээс өнөө бид ямар нийтлэлд дассаныг “Монголын тогтмол хэвлэлийн хэл найруулга, үгсийн сангийн өнөөгийн байдал” судалгаагаар өдөр тутмын сонинуудын нийт бичлэгийн 50.8 хувь, чөлөөт арилжааны сонины 59.7 хувь нь найруулгын алдаа мадагтай гэсэн тооцоо гарснаас харж болно. Үүнд:

 

д/д

Сонин

Найруулгын алдааны хувь

1

“Өдрийн сонин”

45.5 %

2

“Зууны мэдээ”

49.2%

3

“Өнөөдөр”

53.1%

4

“Нийгмийн толь”

53.1%

5

“Хүмүүс”

55%

6

“Сэрүүлэг”

64.9%

 

     Нийгэм улс төрийн амьдралд гарсан ахиц дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийг сэтгүүлчид цаг алдалгүй түргэн шуурхай мэдээлэх нь чухал боловч эх хэлээрээ тодорхой, утга төгөлдөр, зөв зүйтэй илэрхийлэхийг туйлаас эрхэм болгох нь зүйн хэрэг билээ. 

     Улс орны амьдрал ахуйд шинээр бий болж байгаа юм үзэгдлийг тусгасан шинэ  нэр томъёо, шинэ үг хэллэгээр монгол хэлний үгийн сан арвижин тэлж байгаа бөгөөд энэ нь юуны өмнө сонин хэвлэлээр дамжин илэрдэг. Тиймээс сонин хэвлэл бол хэлний хэрэглээний үг хэллэгийн толь болж чаддаг байх ёстой гэдэг.  Хэдийгээр ардчиллын үр нөлөөгөөр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хүн бүрт нээлттэй ч агуулгын өргөн цар хүрээг хамарч чадахаас гадна яаж зөв зүйтэй бичих нь өнөөгийн тулгамдсан асуудал болж байна.

     Сонин сэтгүүлийн хэл найруулгад тухайн зүйлийг бичсэн сурвалжлагч, сэтгүүлчийн мэдлэгийн цар хүрээ, аливаа асуудалд хандсан чиг хандлага нь мэдэгдэхүйц илэрч байгааг зориуд тэмдэглэе. Сонин сэтгүүлийн редакцийн бүрэлдэхүүнд “уран сайхны редактор”, “техник редактор”, “хэвлэлийн редактор” гэсэн байвал зохих орон тоо, хариуцлагатай албан тушаалтнууд бодотоор байдаг эсэхэд үнэхээр эргэлзэж байгаагаа хэлмээр байна.

Summary

The authors has written about language of newspapers and journals. The autors suggested that:

  1. Journalists and correspondent should follow low of official language
  2. They have to integrate theory and practice in journalism
  3. They should have ability to use different kinds of newspaper writings

 

Ашигласан хэрэглэгдэхүүн

  1. “Ардын эрх”сонин. 2007. 06.18. ¹ 119
  2. “Зууны мэдээ” сонин. 2009. 01.22.¹ 16. /3088/
  3. “Зууны мэдээ” сонин. 2009.2.12.¹ 34
  4. “Зууны мэдээ” сонин. 2007.06.27
  5. “Зууны мэдээ” сонин. 2009. 2.3.¹ 26
  6. “Зууны мэдээ” сонин. 2009.02. 03 ¹ 260 /3098
  7. “Өдрийн сонин” 2009.02.12. ¹ 039
  8. “Өдрийн сонин” 2009.03.04.¹ 053
  9. “Өдрийн сонин” 2008.¹ 243 (3008
  10. “Өнөөдөр”сонин. 2009. 02.12. ¹ 034
  11. “Өнөөдөр” сонин.¹ 035.  2009. 02.13
  12. “Өөр мэдээ” сонин. 2009 ¹16
  13. “Шуугиан” сонин. 2007.¹ 20,21
  14. Ж.Батбаатар. Сэтгүүл зүй. УБ., 2007.
  15. М.Зулькафиль. Орчин үеийн Монголын сэтгүүл зүй.1997.
  16. Мелвин Менчер. Сэтгүүл зүйн бичлэгийн үндэс. УБ., 2003
  17. Х.Наранжаргал. Телевизийн сэтгүүлзүй, үндсэн ойлголт зөвлөмж. УБ., 2006.
  18. Л.Норовсүрэн. Сонины бичлэгийн төрөл зүйл.УБ., 2005
  19. Б.Пүрэв-Очир. Монгол хэлний бүтэц, утга, үүрэг, хэрэглээ.УБ.,  2007
  20. Nikolas Coupland. Style. Language variation and identity 2007.
  21. Stephanie Jones, Athens, Georgia. Newspaper Language - Making Implications. 2008
  22. “Монгол хэл бичиг сайжруулах бодлогын өгүүлэл” /цуврал/ Улаанбаатар.1934.
  23. Төрийн албан ёсны хэлний тухай “Монгол улсын хууль. 2003
  24. Ч.Чойсамба. Сонины мэдээллийн бичлэгийн төрөл зүйл. УБ., 2001
  25. Ц.Шагдарсүрэн. Эх хэлээ эвдэхгүй юмсан. УБ., 2007

                                                                                                                                                                                                                                           Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв. 

Top