МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

"Монголын утга зохиолын хэлний хөгжил" эрдэм шинжилгээний илтгэлээс

Доктор (Sc.D), профессор Ц.Сүхбаатар (МУ-ын гавьяат багш)

 

Монголын эртний уран зохиол бол

монгол найруулгын үлгэр жишээ

Монголын соёлын үнэт зүйлсийг монголын ард түмэн бүтээсэн билээ. Соёлын үнэт зүйлсийн нэгэн хэсэг нь монголын эртний уран зохиол юм. Монголын уран зохиолын түүх одоо хүртэл төгс төгөлдөр судлагдаагүй байна. Энэ тухай эрдэмтэн судлаачдын өгүүлснийг санавал, монголч эрдэмтэн Лауфер “Монгол утга зохиолын найруулал” номдоо: “Урьдчилан хийвэл зохих чухал ажлыг хийгээгүй, цуглуулж аваагүй эрдэнэ бас л үлэмж байх учраас, монгол утга зохиолын түүхийг бичиж бас болохгүй байна” гэж бичсэн байдаг.

Монголч эрдэмтэн Владимирцов “Монголын утга зохиолын түүх” өгүүлэлдээ: “Монголын утга зохиол маш бага мэдэгдэж байна... Уран зохиолоо монголчууд өөрсдөө муу мэддэг, европын нийт хүмүүс ч байтугай, дорно дахиныг судлах ажлаар оролдогчид ч муу мэддэг байна” гэж бичжээ.

Энэ тухай эс өгүүлэн, үгийг найруулах, утгыг урлахын нэгэн зүйл эрдэм хэрхэн уламжлан хөгжиж байгааг өгүүлье.

Эрдэмтэн Агваантүвдэн: “Үг утга хоёулаа яруу аялгуу сайтар төгсвөл бал бурам мэт сайхан амтаараа сэтгэлийг баясгана. Яруу найраг лугаа нөхөрлөх нь үзэсгэлэнт залуу хүүхэнтэй ханилсан идэр мэт зүрхэнд баяртай, биед жаргалтай. Сэтгэлийн далайд эрдмийн лянхуаг дэлгэрүүлэхийг хүсэвч, яруу найргийн нарны гэрлээр эс тэтгэвээс мэргэдийн сэтгэл зохист гэсэр цэцэг хаанаас мишээх вэ” (5.29) гэж сургажээ.

Ер нь ороонго мод дэргэдэх модоо хэдий чинээ өндөр ургах тутам, төдий чинээ өндөр ороон ургадаг тул яруу найргийн онолыг дагаж яруу найраг хөгжиж, яруу найргийн туршлагаар онол нь баяжиж байдаг диалектик холбоо бий.

Бид одоо эртний уран зохиолын төлөөлөл болгон В.Инжаннашийн “Хөх судар”-ын найруулгын ур маягаас жишээгээр өгүүлье.

Их сударч Инжаннаши “Хөх судар” романы товчит тольтдоо: “мянган оны учир шалтгааныг бийр бэхээс асууж, мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй”гэж бичсэн билээ.

Ер нь “Хөх судар” роман бол зохиолчийн бичсэнээр “өчүүхэн төдий ор сэдэв байвал даруй түүнд зуун зүйлийн учир шалтгааныг нэмж … түмэн мянган давхар чимэх уянга нэмж, өөрийн оюунаа дэлгэрүүлэн… амттай болгосон” тийм уран сайхны зүйл бус, харин түүхэн хэрэг явдлыг гол болгон баримталсан бүтээл юм. Энэ нь уран сайхны болон түүхэн зохиолын нэн гол ялгааг оновчтой тодорхойлсон зүйл гэж утга зохиол судлагч, төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар онцлон тэмдэглэсэн байдаг. (1-212.)

“Хөх судар”-т дөрвөн зуу гаруй түүхэн хүний болон арав гаруй уран сайхны дүрийг гаргасан (2.71.) гэж судлаачид үздэг.

Үнэхээр энэ гайхамшигт зохиолд дүрийг цогцлон бүтээхдээ үйл явдлын нийт өрнөл сүлжээн дунд учир явдлын сэдэв сэжмийг хөврүүлэн дүрсэлж хөгжүүлж гаргахдаа хүмүүсийн гаднах дүр, үг дуу, хөдлөл байдал, дотоод сэтгэлгээг нарийн зурагласан байдаг бөгөөд энэхүү уран сайхны уламжлалыг илэрхийлснийг жишээгээр үзүүлэхийг зорилго болгож байна. Үүнд:

Нэг. Зүйрлэл

1.1. Юун өөр туслах үгээр:

“Манай газрын хянамгайгүй ард өөрөө өөрийн монгол үг ба үсгээ туйлд хүртэл хичээн хянахгүй бөгөөд нэгэн хоёр иргэн үсэг таниваас даруй монгол үсгээ басамжлан монгол үсгээр иргэний санааг бүртгэн гаргаж хэрхэн чадмуй хэмээн амны аяар чалчмуй! Тэр маш ихэд ташаарсан хэрэг болой! Юун хэмээвээс, илэрхий байхаар үлгэрлэхүл, тоолох тоогоор авч хэлэвч, монголын тооны нэр нэгээс эхэлж арав, зуу, мянга, түм, тэрбум, сая, голди, дүнчүүр хэмээн иргэнээс илүү дөрвөн товчоо нэр байх биш үү? Гагц тэнд хүртэл хэрэглэхгүйн тул буй заа. Хэрэв хэрэглэвээс үсэг юунай мохож болох аж! Тийнхүү өөрөө эс хичээгээд, далд нууц бүгдэм товчоот үсгүүдийг нэвтэрсэнгүй бөгөөд монгол үгс ямар гүн, хол, хүнд тусалт буй хэмээх нь далайн хөвөөнд биеэ угаагаад далайг гүехэн хэмээн үзсэнээс юун өөр буй! Дөмөлбөөс, манай эс хичээсний шалтгаан болой. (I, 51.)

1.2. Мэт туслах үгээр:

а) бухимдсан сэтгэлийг,

… Есүхэй баатар аянга мэт хилэгнэн … уул нурж мөрөн цалгиж байх мэт цэрэг мордвой.

б) нүүрний баясгаланг,

… саран мэт царай, одон мэт нүдэн, гарт мөнхүү мөнгөн ишт ган жад барьсан, алтан өнгөт тэнгэр болон хувилаад, шууд Өгэлүн эхийн нойрссон орон ширээнээ алхан хүрч ирээд… (I, 121.)

в) үзэсгэлэн гоог,

Төдий Есүхэй баатар нүд орхин, тэр охиныг үзвээс, өглөөний туяа мэт тунгалаг, гийвэн зүсэд үлитгэшгүй гарьд галбингын нүдтэй. Үүл арилсан огторгуйн хөмсөг урт хасаар зүлгэсэн чиг сайхан хамар, шүрээр шигтсэн мэт улаан товчийн уруул, нүд дүүрэн гал, хацар дүүрэн гэрэл, бэлхүүс нарийн, бие гянгалхан, аван үзвээс есөн тэнгэрийн хувилгаан охин мэт, аажим шинжвээс гурван ордны улсын эх болох хувь заяа ахуг таниж гараад, сэмээр баясаж гүнээ тоомжлов. (I, 128.)

г) сэрэмжит сургаалыг,

Миний хүүхэд та үз, адил сум бөгөөтөл хамтад-ваас бөх болоод, хагацваас хэврэг болжухуй. Танай ах дүү тавуул мөн мэт болой, эдүгээ та эвтэй сайхан явбаас урьдын цугларсан мэс мэт бусдад үл ялгуугдмуй, хэрвээ эвдрэлцэн салалцваас хожмын салсан мэс мэт гагц хүмүүнд чадагдмуй. (I, 131.)

д) эрхэмлэн дээдэлснийг,

Төдий Дэй Сэцэн өгүүлрүүн: “Гол мэт хүүхнийг авах тул голомтыг минь тахих хэрэгтэй, гар мэт охиныг минь авах тул, галыг минь тахих хэрэг-тэй” хэмээн эл зүйлийн ёслолыг бүртгэлгэн, есөн зүйлийн хуур цуур, шаван хөгжмөөр гучин хоёр ханалт өргөө, наян нэгэн өрх гэр инжтэй буулган өгөв” (I, 152.)

е) бэлгэдэн ерөөснийг,

Сүмбэр уул мэт жавхлан цогцолтугай.

Сүн далай мэт хишиг арвидтугай.

Сүмэн өвс мэт эчнээ анхилтугай.

Нар, сар мэт гэрэл дүүргэтүгэй.

Навч, цэцэг мэт үрс дэлгэртүгэй.

Нарс, майлаас мэт насан уртадтугай! (I, 155.)

ё ) ахуй, эд өглөгийн зүйлийг,

Аливаа дайсанд эзэн чиний,

Цамцны энгэр,

Хавтгын оосор мэт явсугай би.

Алалдах байлдаанаа, ахай чиний,

Царвагийн халхавч

Харвалгын сум мэт зүтгэсүгэй, би. (I, 256.)

ж) арчаагүй бялдуучийг,

энэ үед Шинэ Гүн Ялгуу тогоонд унасан ялааны мэлхий, тунагт орсон ямааны ишиг мэт, инээмэгц бас ирвийж, ирвиймэгц бас инээж, авд орсон туулайн бүжин, аргалд цохигдсон алаг даага мэт, аашаа алдан, аалиа завхран аашил-муй. (I, 413.)

з) тангаргаас няцахыг,

Аяа хэн ам алдсан үгээсээ арай төдий зөрчвөөс

Амьтнаа гишгэлэгдэх энэ мөрний

                        шавар мэт шалз болтугай!

Авай хэн тангарагласан үгсээсээ

                        айн эмхээн няцваас

Адуунд гишгэлэгдэх энэ мөрний ус мэт

                        шалбарах болтугай!

Агч нийтээр ам авсан энэ үгсээсээ няцваас

Арьсаа шаалагдсан чихтэй (хулан) мэт ашид

                        алагдах болтугай! (II, 125.)

и) хандан хүссэнийг,

хөх тэнгэр мэт уудам, улаан наран мэт гэгээн богд эзэн минь өршөөн тольдож хайрламуу.

(III, 337.)

к) бичиг номын чухлыг,

Аяа, хойч өдөр их буянт мэргэн сайд оюун билигтэн нэг насыг зүв зүгээр барахаас энэ судрыг хэвт гаргах түмэн үе ялзаршгүй нэр хоцрох болой. (III, 389.)

л) харамсан зэвүүцсэнийг,

Хулгана мэт өчүүхэн боолчууд ямар аймшиггүй энэ мэт өмхий үгээр эцэг өвгөө гутаамуй? (II, 13.)

м) басамжлан залхаасныг,

Зальт хааны хоёр хөлөөс нь шүүрэн барьж харилцан булаалдаж угаасан дээлийг нарнаа хатаах мэт сэжиж гөвөхүйеэ… (II, 15.)

1.3. адил туслах үгээр:

а) бэлгэдэн ерөөснийг,

Аяа ууланд төрсөн анх нялх минь

Өвсөнд унасан эрдэнэ хүүхээ минь

Ач чинь үл цагаан өвсөнд адил олон болтугай

Хаан угсаа чинь хад чулуунд адил бат болтугай!

хэмээн чин үнэнчээр игдэлж (ихэд догдолж) ерөөлөө.

(I, 123.)

б) зөв гэсэн санааг,

Тийнхүү тайж Инжаннаши би өдөр шөнөгүй, зовон зүдэж, идэх хоол, унтах нойргүй, хэдий таж магнагийн дэвсгэрт хэвтэж, шил болорын харшид суун, оо энсгийн шугуйд оршин, заар хүжсийн танхимд сэлгэж, өвлийн хүйтнээ гал туурга, газар ханзат тунамал гэгээн болор цонхон гэрт хэвтэж, зуны халуунаа цэцгийн шугуйн усны танхимд, ногоон туяат болжморын хөгжилт хүрээлэнд тойрч маш амар, маш сул, маш жаргалтай, маш тансаг хэмээхгүй, харин биеэ цаг мөчид үл амуужуулан, өдөр болбоос наран унатал, шөнө бөгөөс тахиа дуугартал бичилхийлэн, зуралхийлэн, урвуулан, хөрвүүлэн, эрж сурвалжлан, орчуулан хуулж өмнө нь шүсэглэн, хойно нь цохлон тайлбарлах, товчлон шүүмжлэх ба илтгэх нь хэдий сэтгэлээсээ дуртай боловч, мөн чанар нь эгнэгт энэ зэргийн үтэл ардад адил, зөв үгээр тав талаар нэгэн төрсөн биеийг өнгөрүүлж түвдэхгүйдээ энэ нэгэн их төвийн Юань улсын судрыг ертөнцийн хооронд дэлгэрүүлэн гаргаж, энэ сударт итгэж, энэ бие Монгол тоотноо мянга түмэн он ялзаршгүй, барагдашгүй, эвдэршгүй, арилшгүй хоцорсугай хэмээсэн санаанаас болсон бус уу! Сэтгэлд нэгэнт нэгэн зүйлийн хүсэл аваас, бие юунай сул аж амар жаргалтай болж болох аж. Юунай, гараа барьж, өвдгөө тэврэн, биеэ сувилан, хэвлээ хэлбийж, сул суун жаргахад хүрэх аж. Түүнийг би харин жаргалд үзэхгүй. Юун хэмээвээс: ерийн үгэнд “Хүн төрвөөс нэгэн үе, өвс ургаваас нэгэн намар” хэмээжээ.

в) жишин сөргүүлснийг,

Танaй эзний төрсөн байдал манай эзнээс зуун хувь илүү сүртэй гэрэлтэй боловч, гагц хатад нь манай эзний хатадад адил нүүр царайн гэрэл гарах хатан нэгхэн ч үгүй, манай эзний их хатан Гүрвэлжингоо хуанхэү хэмээгчийн нүүрийн гэгээний туяа гэрэлд шөнө цонхны цаас туяалмуй. (I, 571.)

1.4. мэт, адил үгсийг хослуулан:

а) нарийн мэдрэмжийг,

… хөвгүүн Чулууны төрсөн нь: Бие өндөр, бэлхүүс нарийн, царай чавга мэт улаан, нүд ононд адил гэрэлтэй, дуун цан цохих мэт, хүчин цахилгаан буух адил. (I, 143.)

б) мөн чанарын ялгааг,

… Мөхдлийн цэргүүд нь морь нь өндөг мэт таргалж, хүн нь барс адил сурчухуй. (II, 40.)

в) эрс тэсийг,

Бүтэх улсын эзэн сайд луу барс мэт

Бүрлэн төрийн эцэг хөвгүүн улиг гулиг адил

(II, 131.)

г) үг холбохын онцлогийг,

Авшгүй Си Юй улс араатан мэт зэрлэг

Амтгүй Алтан улс адгуус адал аашилмуй

Ачлалгүй Ся улс албин мэт жигшүүртэй

Аргагүй Сүн улс албат адил болжээ. (III, 229.)

д) үл зохицохыг,

зарим нь бас Чингис хааны үрс нь бид хэмээгч далайн усмэт, Хасар ханы үрс хэмээгч худгийн ус адил хэмээн дурамшаан хэлэгчид буй амуй. Тэр хоёр цөм эс зохижухуй. (II, 166.)

е) гоо үзэсгэлэнг,

… Шилболор охиныг нь дуудаж үзвээс үнэхээр үүлнээс бууж ирсэн дагина мэт үнэлшгүй ариун цагаан хас адил. (II, 301.)

ё) юм үзэгдлийн зохицлыг,

Эрхт эзэн чиний өв тэгш эрдмийг үзэхүл

Үүр арилсан өглөөний наран мэт

Өвлийн  үеийн эрчиж хөлдсөн мөс

Элбэргүү салхинаа гэсэж хайлахад адил. (I, 342.)

Хоёр. Зүйр үг.

а) байгалийн үзэгдлийг

Наран сарны өнгөрөх нь

                        харвасан сум мэт түргэн

Өдөр сарын эргэх нь салхин хүрд мэт хурдан (I, 126.)

***                    ***                    ***

Нар нь сарыг халхлан мандваас, аргын амьдрал дэгдэж, Түмэн бодис зөвшөөрмөөр дэлгэрмүй.

Сар нь нарыг халхалбаас билгийн амьсгал дэвэрч, түмэн үйл сөрж хувьсмуй. (II, 253.)

б) сануулан сургамжилсныг,

… адил сум бөгөөтөл хамтадваас бөх болоод хагацваас хэврэг болжухуй.

… эвтэй сайхан явбаас урьдын цугларсан мэс (мөс) мэт бусдад үл ялгуугдмуй. (I, 131.)

***                    ***                    ***

Сайныг цогцолсон гэрт сааргүй сайн бэлгэ үлэмж,

Мууг цугларуулсан гэрт магадаар муу ёр мэдэгдмүй. (I, 138.)

в) аж төрөх ёсыг,

Сүүг самарч буцлахыг зогсоохоос, тогооны ёроолын галыг унтраа. (I, 252.)

***                    ***                    ***

Аяа, хүн хөгширвөөс хүүхдийн наадам, хүлэг хөгширвөөс хүдрийн наадам. (II, 158.)

г) сонор сэрэмжийг,

Оюутан мэргэдийн ханилах нь

Ус мэт зөөг урт.

Уршигт ардын нөхөрлөх нь

Урьд эл (дотно), хойно дайсан. (II, 140.)

***                    ***                    ***

Агтыг чи алдваас барьж болмуй.

Амыг алдваас барихуйяа бэрх. (I, 440.)

д) үлгэр дуурайллыг,

Хүний хуучин нь сайн

Хувцасны шинэ нь сайхан (I, 549.)

***                    ***                    ***

Алтны дэргэд аваас шар нь халдмуй.

Аргалын дэргэд аваас үнэр нь халдмуй. (II, 389.)

е) мөн чанарыг,

Ямарваа цэрэг олонд үгүй хурцад буй, аливаа жанжин хүчинд үгүй мэргэндбуй. (II, 55.)

***                    ***                    ***

Алмас эрдэнэ онц хатуу чулуунаас ургамуй

Аливаа богдос эрхбиш хатан чигчээс мэндэлмүй. (III, 78.)

ё) хянуур нямбайг,

Айваас аминд тустай, зайлбаас зам үлэмж  (II, 85.)

***                    ***                    ***

Суудал муут хүний сонор чих хэцүү, сул үгийг хэлээд, сундлан хорсгох нь сум мэт хэцүү… (II, 111.)

ж) төлөв төвшин байхыг,

Омогшсон хүн ордгүй, оройтсон хүн олзгүй. (II, 137.)

***                    ***                    ***

Авсан хүний алга зөөлөн, амталсан хүний ам зөөлөн (I, 532.)

З) чин сэтгэлийг,

Ачлалгүй хөвгүүнийг асран тэжээхээс

Адуу хураах азарга  тэжээвээс дээр. (I, 422.)

***                    ***                    ***

Морь боловч эзэндээ ээлтэй газар буй, нохой боловч өрхдөө элэгших сэтгэл буй. (II, 117.)

Гурав. Сондгойруулахгүй зарчим буюу тэгш хэмнэл

Монгол хэлний найруулга зүйд нэгэн эрхэм ёс бол сондгойруулахгүй зарчим буюу тэгш хэмнэл юм. Энэ нь хоршоо үг, хоршсон аливаа үгийг хэрэглэхэд тавих шаардлагыг хэлж байгаа юм. Тэр шаардлага бол монгол хэлний яруу сайхан найруулгад тун зохимжтой байдаг. Ер нь хэлний боловсрол зузаадах тусам, бичгийн боловсролтой хэн боловч энэ шаардлагыг биелүүлбэл нэн зохистой. Эрдэмтэн Д.Баасанбат “Хөх судар”-ын хоршоо үгийн сан (3.) гэсэн сайхан бүтээл хэвлүүлсэн билээ.

Сондгойруулахгүй зарчим бол монгол сонгодог найруулгын уламжлал мөнөөс мөн. Жишээ болгон “Хөх судар”-аас хэдэн үгийг иш татъя.

Хоршоо үгээс:

Бэлгэ төлөг

Миний бэлгэ төлөгт мөн сайн байна.

Бэлгэ тэмдэг

Эзэн чамд есөн зүйлийн бэлгэ тэмдэг буулгав.

Бэлгэ ёр

Долоон зүйлийн бэлгэ ёрыг олонх цөм мэдэх биш үү?

Бэлэг бичиг

Өнөөхийн хэргийг эхнээс адаг хүртэл нэгэн зэрэг мэдүүлж, бэлэг бичгийг өргөн үзүүлсэнд…

Бэлэг ачаа

Цагийн мөнгөний зэргийн хүнд бэлэг ачаа өгч…

Бэлэг сэлэг

Улс төрийн их байлдаанд охид хүүхдийн нойр сэтгэлэг барилдаж учрал тохиолын уран ташрам өгөх авах бэлэг сэлэг явалцана…

Бэлэг ерөөл

Бурхан тэнгэр есөн өрлөгийн бэлэг ерөөлийг есөн зүйлээр хайрлав.

Өгүүлбэрт хэрхэн найруулдгийг үзье.

… Есүхэй баатар аянга мэт хилэгнэж, … Татар аймгийг дайлахаар үхэр буу тавьж, уул нурж, мөрөн цалгиж байх мэт цэрэг мордвой. (I, 120.)

… цагаан морь унасан, мөнгөн хуяг дуулга өмссөн, есөн тохой өндөр биетэй, таван мушгиа сайхан сахалтай, саран мэт царай, одон мэт нүдэн, гарт мөнхүү мөнгөн мэт ган жад барьсан, алтан өнгөт тэнгэр болон хувилаад, шууд Өгэлүн эхийн нойрссон орон тийшээ алхан хүрч ирээд … (I, 121.)

… өнчин хөвгүүн хишигт мөргөөд, оюуныхаа чинээгээр унд дарсны гэм. Эрдмийг ялган салгаж, хагацуулан сайн өгүүлрүүн:

            Балай их ууваас өвчин

            Баахан төдий ууваас эм

            Баярын энэ хуралд ууваас жаргал

            Балмад хэтэрхий согтвоос мунхаг.

            Өнө үргэлжид ууваас хор

            Үсэд холд тэвчвээс билиг

            Учирт цагт ууваас хөөр

            Унан тустал ууваас улиг хэмээсэнд … (I, 163.)

… нялх бөгөөд нарийн нягт бодлоготой, өчүүхэн бөгөөд өндөр хол хориотой, хүүхэн бөгөөд хэцүү оночит ухаантай, охин бөгөөд үлэмж мэргэн санаатай! хэмээн гарыг барьж магтахуйд, Солонгоогийн хас царай халаасан улайж … (I, 252.)

… чөтгөр уйлан, хувилгаан бархирч, хүн хашгиран, морь янгалцаж, нохой улин, шувуу шүүрэн, цус далай буцалан… (I, 543.)

… илэрхий нь сүр хишиг хоёр, нууц нь буян эрдэм хоёр, буян эрдмийн үндэс ньсүр хишигт итгээд, хишгийн уг нь бас ч буй эрдмээс үрджүхүй. Тиймийн тул ялж төгс нөгчсөн илт туулсан Шагжимуни бурхан ч хаан язгуурт мэндэлж, сая бурхан болохын дүрийг барьжухуй. (II, 99.)

… шар жолоо, хос хазаар, мөнгөн дөрөө, алтан эмээлт морийг унуулж, биед луугийн алтан дээл, хүзүүнд шүр эрдэнийн эрхийг зүүлгэж өгөн, Дэй Сэцэнийг тэргүүн худ болгож, Хасар Бэлгүтэйг дэд худ болгож… (II, 336.)

Дараагаар гурван өдөр далай буцлан, мөрөн цалгих мэт үймэлдэн … (III, 51.)

Тэнгэрийн хөвгүүн хол боловч од нь ойр буй. Түмэн наст алс боловч алтан гадас ойр буй тул, тэнгэрийн байдлаар Богд эзнийг лав мэдэв. (III, 75.)

 

Дөрөв. Сургаал үг

 Есөн эрдэнэ хэмээгч эр хүний есөн эрдэм буюу, есөн эрдэм аль буй хэмээвээс, тэргүүнд; бусдын зовлонг биед эргэцүүлэх, хоёрт; буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах, гуравт; буст хүнийг өргөн хүндэлж хичээнгүйлэх, дөрөвт; бодох шинжих бодлого ухааныг нарийвчлах, тавд; буцах булгихыг үхэвч үл үйлдэх, зургаад; бузар ужидад согтууран үл живэх, долоод; бусдын эдэд ховдоглон үл горилох, наймд; буруугаа эргүүлж ичих эмээхийг мэдэх, есөд; бусцарыг засахуйд зориг үл шантрах энэ есүүлийг магад бүртгэн чадваас, үүнийг сая ачлалтай хөвгүүнд, баатар эр хэмээмүй. (II, 59.)

 Дай Сэцэн охиноо гараас барин сурган өгүүлрүүн:

… би чамайг есөн зүйлээр сургасугай, эцгийн хүүхэн хичээн тэмдэглэж дагаж явагтун. Тэргүүнд: оёх товхихыг хичээ!, хоёрт. Идээ ундааныг цэвэрлэх!, гуравт: бодох ухахыг хяна!, дөрөвдүгээрт: зүрх бага, үг цөөн бол!, тавдугаарт: биеэ сахин зориг бат бологтун!, зургаадугаарт: дуулах гиншихийг битгий сур!, долдугаарт: харам, харгисыг хичээн цээрлэ!, наймдугаарт: хадам хариа хичээнгүйлэн хүндэл!, есдүгээрт: алжуу, залхууг тэвчтүгэй! Энэ есөөс нэгийг осолдвоос есөн улсын хэлийг сурч бичгийг хичээсэн Дэй Сэцэн цолт миний хүүхэн бус болмуй. (I, 156.)

Зургаан ужид хэмээгч тэргүүнд архи, дэдэд өнгө, гуравт ав аян, дөрөвдүгээрт нь хөг дуу, тавд цэцэрлэг хүрээлэн, зургаад наадам хөөр энэ буюу. Энэ зургаан зүйлийн ужидын нэгэн зүйл нь хүний биед аваас, улсын хаан бөгөөс улсаа алдмуй, гэрийн эзэд бөгөөс аж төрхөө алдаж хохирмуй. (II, 173.)

 

Тав. Далд үг

… жонон шөнө золгохоор ороод, малгайгаа авч магшин мөргөн, бүсээ барьж бөхийн сөгдөж, хормойгоо хурааж хоёртоо мөргөөд, хойш ухраад, урагш давшиж зогссоныг нь асуусанд Тайцзу мүшээж захируун, “Жононгийн малгайгаа авч магшиж мөргөсөн нь миний биеийг тэргүүлэн машид айсан мэт аашлан дутаа! хэмээсэн үг. Бүсээ барьж бөхийн сөгдсөн нь, бүгд түшмэдийг бүрнээ дагуулж яв! хэмээсэн санаа, хормойгоо хурааж хоёртоо мөргөсөн нь хороо хүрээгээ хумбин авч эчье хэмээх үг. Хойш ухраад урагш давшсан нь хуурч дутаагаад, хэмжиж хөөе хэмээсэн санаа болой!” хэмээсэнд хамаг төрийн хотлоор харилцан их л гайхалдвай. (II, 108.)

 

Зургаа. Хэтрүүлэл

а) сүр хүчийг,

Есүхэй баатар аянга мэт хилэгнэж… уул нурж, мөрөн цалгиж байх мэтцэрэг мордвой. (I, 120.)

***                                ***                                ***

… улаан ирвэсийн саадгаасаа нум сум авч, зүүн гарыг тулахуйд, хаан уулыг түлхэх мэт, гараар татахуйд, нялх хүүхдийг тэврэхүйд адил нум тэлснээ, төгрөг саран мэт болж, сум эчихүйеэ нисэх одон харваж, төвхийтэл хиурын дунд улаан нарны голыг онов. (I, 227.)

б) гоо үзэсгэлэнг,

Алтаншаа … хөмсөг ариун хөх уул мэт, нүд гэгээн тунгалаг булаг адил, уруул улаан, шүд цагаан, бие ховор, бэлхүүс нарийн, мөнгөн хуяг дуулга өмсч, тэргүүнд хяруулын сүүл хатгаад, хөдөлж аашлах нь өвөрмөц тааламжтай бөгөөд хүн үзвээс ер инээсүгэй хэмээн баясгалангийн сэтгэл төрмүй. (I, 240.)

***                                ***                                ***

Энэ жил арван таван настай. Түүнийг төрөх үед үүл бороо арилж, өргөөнөөс оюу шүр мэт солонго татсанд тохиолдсоноор, нэрийг Солонгоо хэмээжүхүй. Төрсөн нь саран мэт сайхан, цэцэг адил үзэсгэлэн, солонго мэт өнгөтэй, хас адил ариун. Ар газар бөгөөтөл адилтгашгүй булбарай төрөөд, элсэн газар бөгөөтөл энэ мэт сайхан төржүхүй. Бяцханаас ухаан мэдэл хүнээс хэтэрхий бүлгээ, өссөн өнгө зүс нэн нэмүүн болоод, ухаан чадал олноос хэтийдэж, цэргийн эрдэм нэнд хурц нарийн, сул ахуйд сэлэм бүжиглэх нь луу ороолдох мэт, уртад ахаа дагаж, ав аянаа явдаг бүлгээ. (I, 236.)

в) харгис хэрцгийг,

Энэ удаагийн байлдаанд хоёр этгээдийн цэрэг харилцан алалцсан нь хуншуун утаа огторгуйд тулж, уйлах дуу үүлэнд нэвтэрч, үхсэн яс талд дүүрч, улаан цус гууд урсчухуй. (I, 308.)

***                                ***                                ***

… хоёр этгээдийн цэрэг нэгтнээ хутган зууралдаад, тэмдэг туг нэгмөсөн үзэгдэхгүй болж, гагц зэр зэвсэг харилцан харшилдаж хирчигнэн, гол гарч туяалан үзэгдэж, эзэн түшмэл эцэг хөвгүүн ах дүүгээ харилцан хашгиралдан эрж, жагсаалын самуун цэргийн дотор толгойгүй хүнийг натгасан морь ачин гүйж, хүнгүй эмээлтэй морь өөд уруу самууран гүйлдэж, хүний толгой морин хөл доор өнхөрч, морины эмээлийн доор цэргийн хүн шурган орж, хоосон эмээл явж, чөтгөр уйлан, хувилгаан бархирч, хүн хашгиран, морь янгалзаж, нохой улин, шувуу шүүрэн, цусан далай буцалж, Тайшин уул дэлбэрэх мэт үймэлдэхүйеэ… (I, 543-544.)

г) их хүслийг,

Алтаншаа Солонгоо луугийн хөшиг барсын хөнжилд их хүслийг төгсгөхүйеэ тэвчиж хэлсэн хэдэн үгс:

Сарны доор сайхан нойр эгэхүйеэ

Сайхан хүн сайхан хүнийг мөрөөдмүй.

Санасан өдөр он удааны тул

Сааргүй нойр журам хүнд.

Алтан бие цог бүрэн болохуйяа

Анхилам хүжис нэнд анхилах цаг

Ариун цэцэг шүүдэр үзэн хөхихүйеэ (баясахуйяа)

Ангасан тариаланд шимтэй хур нэвтрэв.

Хасын гишүүн дэвсгэрт зууралдаж

Хайрхан бие эвүү эвхүй мушгагдмуй.

Хар ус хорин жингийн дэр нэвтэрч

Хамаг амт нь хөнжлийн дотор бүрджүхүй.

(II, 337.)

Долоо. Сөргүүлэл.

Муугийн туйл сайн, мунхагийн туйл мэргэн, мохдогийн туйл хурц, мушгуугийн туйл зөвшөөрмөөр хэмээсэн нь эгнэгт болой. Чингис богд, онц Монголоос мэндэлсэн нь эгнэгт мунхаг Монголыг гэнэт сэргээн сэнхрүүлж, үүнээс Монголыг нэгэн анги төв аймгийн улс болгон хүний зэрэгт оруулж, эдүгээ болтол бус хандын төрд боловч мөн их сайдын хуваариар явж, уран ухаант хятад сайд ба угсаа төрлийн манж ноёд лугаа ав адил зэрэгцэн явж, эдүгээх улсын хаад боловч манай тайж тавнан лугаа ураг сууваас уг язгуур хаан суурьт, үндэс удамт тэн сацуу ураг аваад, эрхийг цөм авсан боловч, эгнэгт бас илэрхий тодорхойгоор цөм булаан авч, иргэн эс болгосон нь эдгээр цөм тэр үеийн Чингис богд нэгээхэн хүний тарьж үлдээсэн буян эрдмийн хэсэг үлдвэр болой. (I, 82.)

 

Найм. Тонгорол

Хэрвээ эзэн нь ховдог ужид, түшмэл нь зальхай зусар болоод, эрэх нь эд ашиг, хүсэх нь жаргал цэнгэл болбоос хэдий тэдгээр тамга өргөмжлөл ба алт торго байвч эгнэгт юуны тус аж! (I, 328.)

 

Ес. Солибцол

Энэ чухал цэргийн бичгийн үнэн бөгөөд худал, бас худал бөгөөд үнэн, бас үнэний дотор үнэнийг хэрэглэж, гэнэт урвуулж худал болгох,бас худлын дээр худлыг хэрэглэж, гэнэт урвуулбаас үнэн болгох, маш гүн нарийн нягт далд ухаан болой. (II, 49.)

 

Арав. Учир зүй

… хоёрдугаар хөвгүүн Хубилайг бага хэмээн нум сум илд жадын зүйл зэрэгцүүлэн шагнахуйд Хубилай мөргөн хүлээж аваад ах мөнхийн зүг өгүүлрүүн: “Өвөг, ах чамайг эзний янзаар шагнаж, намайг цэргийн хирээр шагнав” хэмээснийг хаан сонсож яаран дуудан оруулж асууруун: “Эзэн нь юун, цэрэг нь юун! Хубилай айлтгаруун: “Эзэн болбоос тэнгэрийн доор газрын дээр байх зүйлийг цөм эзэлмүй. Тэнгэрийн доор газрын дээр байх зүйл цөм хүний хэлэх ба бичиг судраас олж сурмуй. Тийнхүү эзэн хэмээв. Цэрэг болбоос дийлэх дийлэгдэх сурмуй. Тийнхүү эзэн хэмээв. Цэрэг болбоос дийлэх дийлэгдэх магадагүй, хэдий дийлэвч нэгэн сайн баатар жанжнаас хэтрэхгүй. Нэгэн эзэнд тийм баатар жанжин хэдэн зуу байвч илүүдэхгүй. Гагц бие биеэ эзэлмүй” хэмээсэнд хаан маш ихэд гайхан баясч дотроо сэмээр цочихуйд… (III, 283.)

 

Арван нэг. Ахиулал

Олон түшмэдийн унтасныг минь сэрүүлж, умартсаныг минь санагалзуулан, ачлах элбэрэх, асрах нигүүслсэх, хүмүүжүүлэх хөхүүлэх энэ гурван зүйлийг мэдүүлсэн нь … (II, 411.)

***                                ***                                ***

… мэргэн баатар, хатан чийрэг, нарийн хянам-гай, олноос хэтийдсэн эрдэм ухаан ухамгай хэмээн гарган бичжүхүй. (III, 111.)

 

Арван хоёр. Багасгал

… үсний төдий ч юм авсангүйгээр цэргээ авч, хойш эгвэй. (I, 255.)

Манай хэн хүн энэ үг энэ тангаргаасаа няцваас, энэ эргийн шороо мэт эмбэрэн юүртүгэй. Энэ модны хальс мэт цавчигдан огтлогдтугай! хэмээсэнд … (I, 260.)

 

Арван гурав. Монгол ахуйн хэллэг

Өчүүхнийг басваас өргөс болмуй, үсийг томож эрчилбээс дээс болмуй. (I, 459.)

***                                ***                                ***

… би танай нэгэн хотыг бүрнээ айраг мэт бүлж, цай мэт самран, танай бүгдээрийг үхлийн мөрийг тулган эс чадваас… (I, 464.)

***                                ***                                ***

Хөх тэнгэр мэт уудам, улаан наран мэт гэгээн-богд эзэн минь өршөөн тольдож хайрламуу. (III, 337.)

***                                ***                                ***

… царайн өнгө тогооны ёроол мэт хар, нүд өндөгний хальс адил бүлтгэр, хоёр чихний дээр шарангуй өнгөтэй босоо үс ургаж… (I, 593.)

В.Инжаннашийн “Хөх судар” бол монгол үндэст-нийхээ цог сүлдийг мандуулах, үндэстнээ хайрлах сэтгэлийг бий болгох, монголын түүх, заншлыг мэдүүлж, хойч үеийнхэнд үлдээхийг зорьсон нэн гайхамшигтай бүтээл мөнөөс мөн тул найруулгын ур маягаас цухас дурдахад ийм буюу. Та өөрөө уншихаараа амт шимтийг нь мэрэх болно.

 

Иш татсан бүтээл

1. Л.Хүрэлбаатар. Огторгуйн цагаан гарди. УБ., 1996

2. Б.Хишигсүх. “Хөх судар”-ын хоёр эхийн утга, уран сайхны харьцуулсан судалгаа. УБ., 2005

3. Д.Баасанбат. “Хөх судар”-ын хоршоо үгийн сан. УБ., 2007

4. В.Инжаннаши. Хөх судар. I, II, III. УБ., 2005. Хөрвүүлсэн Ш.Чоймаа, М.Баярсайхан

5. Л.Хүрэлбаатар. Эсэруагийн эгшиг дуун. УБ., 1999

 

 Ц.Сүхбаатар. Монгол хэлний найруулга зүй. Уб., 2012 он 

Зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв.

Top