МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Нэр томьёоны талаар шинэ бүтээл гарчээ

     Монголчууд нэр томьёог орчуулан хэрэглэж ирсэн эртний уламжлалтай ард түмэн бөгөөд 1921 оноос Улсын нэр томьёоны комиссыг байгуулан монгол хэлнээ орж ирсэн гадаад нэр томьёог орчуулан салбар бүрээр 147 орчим цуврал бүтээлүүдийг хэвлэсэн байдаг. Эдгээр бүтээлийн ихэнх хувь нь орос хэлнээс монгол хэлнээ өргөн хэрэглэгдэж байсан нэр томьёо орчуулга голчилдог аж.

     Харин 1991 оноос өнөөг хүртэл орчуулсан бүтээлд англи болон бусад хэлний нэр томьёоны орчуулга голлож шинжлэх ухааны салбар бүрээр нэр томьёоны орчуулгын бүтээлүүд мэр сэр хэвлэгдэн гарч олны хүртээл болж байна.

     Шинжлэх ухаан салбарт нэр томьёоны онолын талаар нарийвчлан ойлголт авахаар бүтээл цөөн байхын дээр нэр томьёоны ухагдахуун, тодорхойлолт, нэр томьёо үг хоёрын хоорондын зааг ялгааг тогтоосон мөн нэр томьёог орчуулахад баримтлах зарчмыг тайлбарласан монгол хэлээрх бүтээл тун ховор билээ.

     Тэгвэл Шинжлэх ухааны академийн Хэрэглээ хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Мөнхцэцэг Нэр томьёоны орчуулга судлал нэртэй бүтээлээ хэвлүүлжээ. Энэхүү бүтээлийн онцлог нь нэр томьёог оноон нэрлэх, орчуулахад салбар бүрийн мэргэжилтнүүдэд гарын авлага болж салбарын нэр томьёог хэрхэн орчуулах туршилгаас хуваалцсан бүтээл гэж дүгнэж болохоор агуулгатай аж. Тэрээр нийгэм хүмүүнлэг, байгалийн ухаан, техник технологийн нэр томьёоны орчуулгын тухай нэгдүгээр бүлэгт оруулснаас гадна монголчуудын нэр томьёог орчуулж ирсэн үүх түүхийг давхар багтааж өгсөн байна.

     Мөн хоёрдугаар бүлэгтээ төрөл утгат болон харьяа утгат нэр томьёог хэрхэн орчуулах, ойролцоо болон олон утгат нэр томьёо, бодот болон хийсвэр утгат нэр томьёог ч нарийн ангилан арга зарчим, онолд тулгуурлан баримт мэдээллээр баяжуулан оруулжээ. Түүнчлэн дараагийн бүлэгт нэр томьёог орчуулахдаа ямар зарчим баримтлах, тухайлбал шууд хуулбарлах, утгачлах, буулгах, зээлдэх, тайлбарлан орчуулах зэрэг олон арга барил байдгийг ахмад эрдэмтдийн туршлагаас суралцан урд өмнө гарч байсан шинжлэх ухааны 14 толь бичгийг судалгааны хэрэглэгдэхүүн болгон боловсруулсан байна. 

     Энэхүү номыг ариутган шүүсэн доктор Н.Нансалмаа судлаач Н.Мөнхцэцэг гадаад үгийг галигчлан болон үсэгчлэн хөрвүүлэх тогтолцоотой дүрэм боловсруулж мөрдөх нь дээрх асуудлыг цогцоор шийдэх зөв гарц гэж үзэн, англи үг, нэр томьёог хэрхэн галигчлан, үсэгчлэн хөрвүүлэх талаар авиа, үсэг тус бүрээр авч үзэн дүрэм боловсруулж, энэхүү бүтээлдээ хавсаргасан нь хэрэглээний чухал ач холбогдолтой гэж дүгнэжээ.

Х.Анужин

 

Top